Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХАЛИМАГ АХ ДҮҮ НАРТАА ИЛГЭЭХ УРИЛГА
2011 оны 12 сарын 2 [Уншсан тоо: 84966]
Даяар Монголын ариун голомт хүлээж байна

Нэгдүгээр хэсэг. Их нүүдэл: Асгарсан цус, алдарсан амь

Одоогоос дөрвөн зуу гаруй жилийн өмнө ойрад монголчууд их нүүдлийн замд анх халин гарчээ. Торгуудын Хоо өрлөг, Дөрвөдийн Далай тайш нар 1607 онд харъяат албатаа аваад, Оростой залгаа “Орын ганц мод” хэмээх газарт очиж суусан байна. Түүнээсээ хориод жилийн дараа буюу 1628 оны  орчимд шинэ бэлчээр хайн, мал адгуулахад нэн зохистой, ан гөрөө ч ихтэй сайхан нутаг олсон нь эдүгээ Халимагийн газар шороо билээ. Монголчуудын нүүдлийн зам сунаж алсарсаар төрөлх нутгаасаа зургаан мянган бээрийн чинадад Ижил, Дон мөрний уудам хөндийд идээшин суусан билээ. Халуун голомтноосоо хальж гарсан учраас Халимаг гэх нэртэй болсон хэмээн түүхчдийн дийлэнх нь нотолдог. Харин түргүүд Калмак буюу Үлдэгдэл хэмээнэ. 1607 оны анхны нүүдэл олныг хамарсан нь боловч мянга мянган өрх айл хүний газар, гүний нутаг руу нэг удаад явчихсан биш ажээ. Доктор На.Сүхбаатар нарын тогтоосноор 1607 онд эхэлсэн нүүдэл 1750-иад оныг шувтартал 140 гаруй жилийн туршид цуварчээ. Түүхийн сонин тохиолоор мөн л 140 орчим удаагийн их бага нүүдэл болсон байна. Хальж гарсан ес, буцаж эргэсэн үндсэн дөрвөн их нүүдлийн зам Халимаг гэгдэх болсон монгол ахан дүүсийн цусаар бичигдэж, нулимсаар тамгалагдсан ажээ.  Баатарлаг агаад эмгэнэлт түүхийн жимээр баларшгүй ул мөр  дүүрэн буй. Халимаг гэх нь харь хол сонсогдох ч тэд бол бид. Хамаг олонхи нь дөрвөд, торгууд, хошууд угсааны монголчууд. Хойд аймгийнхан ч дунд нь бий. Халх, Ойрад бүгдээр Бөртэ чино, Гоо Маралын үр сад. Алунгоо эхийн сургаалийг сахиж, эв эеийг хичээн, даяар Монголын ариун голомтыг үл таслах, эзэн богд Чингис хааны зарлигтай удмынхан. Чингис хааны дээд өвөг Дува сохорын дөрвөн хүү Доной, Догшин, Эмнэг, Эрхэгээс үүсч салбарласан дөрвөд аймаг язгуурын монголчуудын адил хээр талаар нутаглаж байжээ. Дөрвөдийн дотроос салбарласан хамгийн төрөл аймаг баян буюу баяд нь манай эриний өмнөх III зуунд одоогийн Ордосын Баян-Уул хавиар нутаглаж байгаад Сэлэнгэ мөрний сав газарт нүүн, Бүрэн улаан хүрсэн. Нэг хэсэг нь дөрвөдүүдийн хамт цааш нүүдэллэсэн байна. Торгууд нь турхаг буюу торгон цэрэг, том биетэй гэсэн үгнээс гаралтай нэршил. Алтан ургийнхантай холилдон нүүж сууж асан урианхай нар Хэрэйдийн Ван хааны торгон цэрэг болж яваад торгууд нэр зүүсэн аймаг болжээ. Хошууд бол Чингис хааны дүү Хавт Хасарын шууд удам хойч. Ойрадын нэгэн том аймаг болон түүхэнд үлдсэн, аливаад хошуучлан тэргүүлэгч, цөс ихтэн. Тулуйн хөвүүд, Хубилай, Аригбөхийн хаан ширээн төлөөх ширүүн ужид тэмцлийн дараахнаас Ойрадын дунд нүүж ирсэн, боржигончууд билээ. Өгөдэйн үр хойчсыг Мөнх хаан шийтгэн засахад дүрвэсэн Ойрадын дундах боржигончууд юм гэсэн  таамаглал ч бий. “Цогт тайж” кинонд гардаг, гэхдээ түүхийг нь мушгин гуйвуулж, гэгээн дурсгалыг нь “хэлмэгдүүлсэн” Гүүш хаан буюу Төрбайх бол хошууд хүн. Дөрвөн Ойрадын чуулганыг тэргүүлж, Халхтай эв эеийг олоход түүхэн үүрэг гүйцэтгэсний учир Гүүш хаан цол өргөмжлөгдсөн. Төвд дэх улаан, шарын шашны урсгал хоорондын тэмцэлд татагдан орсон Хошууд угсааны Төрбайхын удмынхан Цастын орныг 1717 он хүртэл засаглан захирч, Далай лам цол хэргэмийг нь ч, дүр биеийг нь тодруулан томилж асан монголчууд билээ. Бид халх гэж цээжээ дэлдэхээс илүү , Ойрад хэмээн омогшихоос ч илүү монгол хүн. Бид нэг л монголчууд. Тэд бол бид, бид бол тэд. Аль Амбагай, Хабулын үеэс Монголыг Монголоор нь талуулж, хаадыг нь амьдаар барьж, модон илжгэнд хадаж алах мэт бодлого үргэлж “нэгдмэл Монголын эсрэг” байсан юм. Галдан Бошигтын амьдын өстөн Халхын Өндөр гэгээн Занабазар ойрад эхийн халуун хэвлийгээс мэндэлсэн билээ. Өндөр гэгээн Занабазар бол Ижил өөд анх хальсан их нүүдлийн нэг удирдагч Дөрвөдийн Далай тайшийн зээ хүү. Занабазарын ээж Ханджамц хатан бол Далай тайшийн төрсөн охин билээ. Далай тайшийн төрсөн дүү Омбо Дайчин нутагтаа үлдсэний удам залгамж нь одоогийн Монгол улсын дөрвөд, баядууд юм. Ойрадын Хутуг бэхи ноёнтон Чингис хааны охинтой ураглан, энэ уламжлал үе дамжсаар баруун монголчуудын ихэс дээдсийн “яс цайрсан”-ыг сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Одоогийн Дорноговь аймгийн нутагт амьдран, хоосон чанарт хүрэн, цагийн уртыг давах агуу гэгээрлийг  олсон Догшин ноён хутагт Данзанравжаа ч дөрвөд эхтэй, халх эцэгтэй, энэ цагийн хил хязгаараар бол Өвөрмонголын нутагт төрсөн хүн билээ. Галдан Бошигт хааны эх Юм-Агас хатан одоогийн ойлголтоор бол Халимаг, Ижилээс ирж бэр болсон. Эх орон, эр нөхрийнхөө төлөө дайны талбарт амь үрэгдсэн, хошууд угсааны домогт Ану хатны ээж Доржравдан ч өнөөгийнхөөр бол халимаг эмэгтэй. Ойрадын чуулганы тэргүүн Очирт сэцэн хаан нөхрөө өөд болсоны дараа төрсөн нутаг Ижилдээ буцаж ясаа тавьсан юм. Хөл нь эх нутагтаа байвч хараа нь газар, тэнгэрийн дайдад хүрдэг, доорх шороо, дээрх огторгуй, уудам тал нутаг, уул усаа бүгдийг минийх гэж харж өсдөг холч хараа сум, баг, намын үүр, нутгийн зөвлөлөөс хэтрэхгүй богиноссоор л байна. Шавар тагз, алга дарам газар, хөөмөл бурхнаар дуусдаггүй холч бодол, олон улсын нэгдсэн дэг журам, татвар, худалдааны нэгдмэл тогтоц, шүтэх бишрэх эрх чөлөөг дээдэлдэг, дэлхийн орчин үеийн анхны хүн Чингис хааны үр сад жалга, довноосоо цааш газар үгүй хэмээсээр үндэстнээ танихгүй болж байна.          

1758 он хүртэл оршин тогтнож, тусгаар монгол туургатны гал голомтыг замлгамжлан  үргэлжлүүлж, Төв Азийн хүчирхэг улс болон мандаж, Хасаг, Хиргис, Тажик, Узбекийн 1200 хот балгадыг эзлэн номхотгож, Манжийн давуу хүчнийг ч гэдрэг цохин, ялж ялагдаж, Оросын галт буутай цэргийг тахир нум, махир сэлмээрээ дарж ухрааж явсан Зүүнгарын угсаатны үндсэн гол төлөөлөл, монгол цус Халимаг ахан дүүсийн судсаар зуу зуун жил гүйж байна. Зүүнгарын хаант улсын газар нутгийн ихэнх нь өнөөгийн Монгол улсын хилийн баганын гадна Хятадын Шинжаан буюу Шинэ хязгаар, бас Казахстан, Орост харьяалагджээ. 

    Халимагаас гал голомтдоо буцсан дөрвөн их нүүдлийн эхнийхийг Санжжав тайж толгойлсон байна. Гучин мянган өрх эх нутаг руугаа буцаж халин Зүүнгартаа иржээ. Ижил мөрний тэртээ очсон ойрадууд Зүүнгартай 150-иад жилийн турш амь нэг байж, алтан аргамжаагаа таслалгүй хэлхсээр ирсэн юм. Хөхнуурыг дайлахад Ижилээс цэрэг ирж, Дөрвөн Ойрадын цаазыг батлахад Далайн тайш биечлэн оролцож, худ ургийн алтан хэлхээ холбоог үе дамжин залгасаар байлаа. Аюуки хэмээн оросууд нэрлэдэг Аюуш хааны төр барьж байх үед Халимаг хүч чадал зузааран, хүн ам нь 250 мянгад хүрч өссөн билээ. Манж нар Галдан бошигтыг нухчин дарж, дайн дайжны хөлд нэрвэгдсэн торгууд, хошууд нар Ижил рүү цуврах нүүдлийн замд гарсаар байлаа. Халимаг гэгдэх монголчууд Орос-Түрэг, Орос-Франц, Орос-Кавказын дайнд сумны үзүүр, илдний ир болон оролцож дайнч эцэг дээдсийнхээ нэрийг мандуулсаар ирсэн түүхтэй. Эдүгээ Франц улсад суугаа элчин сайд Ш.Алтангэрэл бээр Кутузов, Напелеоны удирдсан дайнд шодон гэзэгтэй, бугуйл барьж, тэмээ унасан “үл таних” цөс ихт цэрэг Оросын армийн оройлон дайрч хот тосгодыг шатаан, утсгасан дайсныхаа чих, хуйхыг огтлон, Европын хүчирхэг улс гүрний зүрхэнд шар ус хуруулсан тул тэдгээр “зэрлэгүүд”-ээ татаж авахыг Парисаас гуйн хүсэмжилсэн тухай сонин түүх хүүрнэдэг юм.

    Ижил дэх монголчуудын өрх бүл олширч, хүч нэмэгдэхийн хэрээр оросууд болгоомжлон, шашин шүтлэг, язгуурын эрх чөлөөг нь хумих бодлого явуулж байв. Бэлчээр нутаг нь буудай, ногооны талбай болон хувирч, орос, украйн тариачид түрэн суурьшиж, Бурхны шашнаа огоорч, Үнэн алдартны сүмд мөргөхийг ятгах, албадах бүхэл кампани өрнүүлэв. Энэ мэт шалтгааны улмаас 1771 онд Ижилийн монголчуудын гуравны хоёр нь болсон 170 мянган хүн эх нутагтаа буцах их нүүдлийн замд гарчээ. Өргөн цэлгэр Ижил мөрөн мөстөхгүй цөмрөөд байсан тул цаад эргийн монголчууд хувь заяаны эрхээр үлдэж хоцорсон байна. Энэ бол монгол ахан дүүс хүний нутагт хавчигдан сууснаас мөхөж сүйрсэн Зүүнгарын орыг залгамжлан, төр улсаа сэргээн мандуулах их хүслээ тээж одоогийн Шинжаан руу буцахаар зориглон боссон түүх. Халимагууд оросуудыг гэнэдүүлэн 1771 оны 1 дүгээр сарын эхээр замдаа гарчээ. Хөгшин хөвөө, хүүхэд нялхас, мал сүрэг, гэр хогшлоо тээсэн 170 мянган монгол хүнийг зургаан мянган бээрийн урт, хүнд хүчир зам хүлээж байлаа. Оросууд цэрэг гарган хойноос нь нэхсэн ч гүйцэлгүй хоцорч, хорссондоо Хасаг, Хиргис ноёдод талж сүйтгэ, олз омгоо өөрсдөө ав гэж хэлүүлжээ. Газрын хол, тэхий дундаа ортол нь урд хойноо, баруун зүүндээ сэргийлэх цэрэг анги гаргасан монголчууд, тэгэх тусмаа дайнч баатарлаг цусныхан элэг бүтэн шахуу туулж чадсан юм байна. Халимагууд харь цэргийн өмнө сөхрөөгүй ч байгалийн өршөөлгүй авир ааш, цас зуд, тэсгим хүйтэн, догшин шуурганд өртөж хүчин доройтжээ. Өвчин, өлсгөлөнд өртсөн өтгөс настан, хөх толбот хүүхэд нялхас цасан шуурган дунд амьсгал хурааж байлаа. Өлдөж ядарсан ойрадуудыг довтолсон Хасагийн Авлай хааны цэрэг эхний удаад дийлсэнгүй, аль аль тал цус ихээр асгаруулжээ. Дараа нь Зүүн Хасагийн нутагт Ирлай султан бас отож байлаа. Нүүж яваа хөсгийн замыг тосон халуун цай, идээгээр дайлдаг нүүдэлчний сайхан уламлжлалыг алж талах ов мэх болголоо. Аян замд зүдэрсэн халимаг нүүдэлчдийг хэд хоног амарч тэнхэрч болно гэж Ирлай урхидан цаг хожиж, зүүн талаасаа Авлайгаас цэрэг нэмж татан, хүчээ зузаалаад, хэсэг амсхийн байсан монголчуудыг гэнэ алдуулан  довтлов. Хасагийн довтолгооны дараа дараа бурууд хэмээх киргизүүд бас отож байлаа. Ойрадуудад хоёр зуун жил захирагдаж явсан Хасаг, Хиргисүүд  өс өвөрлөж байсан юм. Хиргисийн дайралтыг  давсны дараа, тэсгим хүйтний араас  элсэн цөл, аагим халуун угтаж байлаа. Балхаш нуур хүртэлх элсэн цөл хагас мянган км урт. Ийнхүү анх замд гарсан хүмүүсээс зуун мянга гаруй халуун амь  нүүдлийн замд үрэгдэж, 70 хүрэхгүй мянган хүн Зүүнгарын нутагт ирсэн байна. Малынхаа гүрээний цусыг ханаж уун амь зогоож, туранхай цөөн тэмээтэй үлдсэн монголчуудыг Манжийн 30 мянган цэрэг бас отон хүлээж байсан юм. Төрөлх нутгаа тэмцэн амьтай голтой төдий хүрч ирсэн нүүдэлчдийн үлдэгдэл арга буюу Манжид дагаар оржээ. Тэдний үр сад нь өнөөгийн Хятадын Шинжааны торгуудууд. Ховд аймгийн Булган сумын торгууд, хошууд нар ч дурьдан буй их нүүдлээр ирсэн өвөг дээдсийн удам. “Их голын усыг амттай гэж бодов уу, Ижил мөрний усыг гашуун гэж голов уу...Алтай талаа харахаар Атан тэмээ минь газарч аа”... Их нүүдлийн замд төрсөн ардын дуу одоо ч ойрад түмний зүрх сэтгэлийн угаас ундран уянгалсаар л...

    Ижилд үлдсэн монголчууд тархай бутархай боллоо. Оросын хавчин хяхах бодлого, эртний гомдолтой башкир, хасаг, татаруудын өс хонзон үлдсэн монголчуудын хувьд хавчлага хяхлагаар эхлэв. Өөрсдийн хаан, ноёдтой, дур зоргоороо амьдарч асан Ижилийн монголчууд Оросын Астрахань мужийн харъяат болж, олон хэсэгт хуваагдан талаар нэг тарав.  Хорьдугаар зууны эхэнд 200 мянга шахам хүнтэй байсан халимагууд дэлхийн 1, 2 дугаар дайн, Оросын иргэний дайн, Октбярийн хувьсгалын шуурганд мянга мянгаараа хиарч,  Франц, Чех, Америкт  ч гарснаар    хүн ам нь ихэд цөөрчээ. Халимагийн морьт хороод Германы “Барс”, “Ирвэс” танкуудын өмнөөс уухайлан орж зүрх зоригоо гайхуулж байв. Өмнөд фронтоос төрсөн ЗХУ-ын анхны баатар нь халимаг эр. Сталин халимаг, Кавказын зарим ард түмнийг угсаатных нь хувьд устгах геноцид эхлүүлэхээс өмнө буюу 1943 он хүртэл төрсөн улсын хоёр баатрын нэг нь Халимаг монгол хүн байсан юм. Зарим эх сурвалжаас үзвэл дэлхийн 2 дугаар дайнд 100 гаруй халимаг цэрэг баатар цолоор шагнуулжээ. Тэр уламжлал Афганистан, Чеченийн дайнд ч тасраагүй, халимаг баатрууд тусгай хүчин, десантын анги, хаягдсан ротоос төрсөөр л байсан.  Афганистаны баатар, агаарын хүчний командлагч, армийн генерал Очиров гэх зэрэг монгол цэрэг эрсийн нэрс тодорсоор л байгаа билээ.

Их дайны ид дунд 1943 оны хүйтэн өвөл Сталин халимагуудыг Сибирьт цөллөө. Ерэн мянган монгол ахан дүүс Сибирийг хүн битгий хэл нүүрэндээ үстэй адгуус ч тэсэхгүй тэсгим хүйтэнд ачааны галт тэргэнд ачигдсан юм. Ингэж Сибирь даяарх хот, тосгон, Уулын Алтайд хүртэл халимгуудыг тараан хөөжээ. Сахалт багш үхсэн хойно 1957 онд Халимагийн автономит улсыг ахин байгуулж, Сибирь даяар цөлөгдсөн Ижилийн монголчуудаас амьд үлдэгдсэд нь эргэж иржээ. Цөллөгт байсан 14 жилд хэл соёлоо гээхийг албадан шахаж, хатуу хараа хяналт хавчилтан дор үндэс угсааг нь  мартуулах бодлого явуулсан нь үе дамжсан гарз хохирол авчирсан билээ. Ачааны галт тэрэгний чингэлэгт хэдэн мянгаараа мал шиг ачигдаж, цөлөгдөж явахдаа “Монгол маань биднийгээ татаж авах юм гэнэ лээ” гэж эцсээ хүртэл горьдлого тасраагүй элгэн садан минь. Алтайн хязгаарт цөлөгдөхдөө ч “Энэ уулын цаана эх нутаг, тусгаар Монгол улс маань бий” хэмээн шүүрс алдсаар, ардаа өмөөрөх ахан дүүс, эцэг дээдсийн гал голомттой гэдгээ түүхийн нугачаа, эмгэнэлт он жилүүдийн уртад мартаагүй ураг төрөл минь Ижил мөрөнд суудаг юм.  
Үргэлжлэл бий 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив